-Түнжин хагарсан хоёр түнш урьдын сайн харилцаагаа сэргээхээр ярилцаж эхэлжээ. Тэдний ийнхүү бие биеэ шинээр харах болсон гол шалтгаан нь Оюутолгой юм-
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вен Жибао энэ сарын эхээр Монголд айлчлах байсан ч уржигдар албан тушаалаасаа огцорсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын биеийн байдлаас шалтгаалан хойшилжээ. Гэхдээ энэ бол Гадаад харилцааны яамны албан ёсны хариулт. Үнэндээ ноён Вэн Жибао-гийн айлчлал Монголын ашигт малтмалыг сонирхсон Хятадын талын байр суурьтай холбоотой байсан аж. Зургаан жил дуншсаны эцэст зурагдсан Оюутолгойн алт, зэсийн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ Монгол улсын нэрийг дэлхийн санхүү, бизнесийн ертөнцөд өргөөд байна. Гэрээ зурагдсан өдрөөс хойш санхүү, бизнес, ашигт малтмалаар дагнасан мэдээллийн сувгуудаар цацагдах мэдээний дунд “Монголын” гэсэн үг орсон мэдээлэл өдөр алгасахгүй харагдах болжээ. Хамгийн сүүлийн мэдээ гэвэл Айвенхоу Майнз компанийн зохих хувийг эзэмшигч уул уурхайн магнатын нэг Рио Тинто Хятадын төрийн өмчийн Chinalco-той дахин хэлэлцээр хийж эхэлсэн аж. Рио Тинто, Chinalco нь 19.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийж байгаад цуцалсан билээ. Үүний дараахан Рио Тинто-гийн Бээжин дэх салбарын дөрвөн ажилтанг тагнуул хийсэн хэргээр баривчлан хорьсон. Энэ үйл явдал тухайн үедээ хоёр улсын харилцааны хэмжээнд хүртэл яригдсан билээ. Харин түнжин хагарсан хоёр түнш урьдын сайн харилцаагаа сэргээхээр ярилцаж эхэлжээ. Тэдний ийнхүү бие биеэ шинээр харах болсонд гол шалтгаан нь Оюутолгой юм. Дэлхийд томд тооцогдох энэ ордод Айвенхоу Майнз дөрвөн тэрбум ам.доллар зарцуулна гэдэг тоо олон хүнийг нэгтгэх нь тодорхой. Тэр тусмаа Оюутолгой орд нь Хятадын хилээс ердөө 200 км-ийн зайтай байгаа нь”Хятадын дэд бүтэц, Хятадын зах зээлийн зохицуулалтыг зайлшгүй шаардана” хэмээн Австралийн “The Sydney Morning Herald”-д бичжээ. “Рио Хятадын хөрөнгө оруулалтаас зугтах боломжгүй. Уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авах, эрчим хүч, ус хангамжийн асуудал, төмөр зам барих гээд, ер нь бүхий л бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад Хятадын зах зээлгүйгээр боломжгүй” хэмээн Хятадын компаниудад зөвлөдөг хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгч “The Sydney Morning Herald”-д ярьсан байна. Рио болоод Chinalco-д ойр эх сурвалжийн мэдээлснээр хоёр компани өмнө яригдаж байсан хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ Оюутолгой төсөл дээр хамтран ажиллах талаар ярилцаж байгаа аж. Гэсэн ч хятадууд Оюутолгой төсөл рүү орох нь Монголын улс төрийн хувьд ч, иргэний нийгмийн хувьд ч эмзэг байх болно гэдгийг Австралийн сонин онцолжээ. Анх Рио, Chinalco хоёрын хөрөнгө оруулалтын хэлэлцээр явагдаж байх үед Монголын хэвлэл мэдээлэлд гарч байсан зүйлийг эргэн санахад энэ нь оргүй зүйл биш. Тэр бүү хэл уг сонин Монголын өндөр албан тушаалын гэх хүний “Монголын Засгийн газар энэ сарын эхээр болох байсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэн Жибаогийн айлчлалаас татгалзсан” гэсэн үгийг ишилжээ. Харамсалтай нь сонин Монголын эх сурвалжийн нэрийг дурдсангүй. Тэр битгий хэл нэр нь дурдагдаагүй эх сурвалж маань “Монголчуудын цусанд хятадуудын талаар нэг юм байдаг. Энэ нь Chinalco Монголд орж ирэхэд ихээхэн төвөг удах болно“ хэмээсэн байх юм.
Posted in |
1 Comments »
Монголын төмөр замын ирээдүй хэтийн талаар олон улсын хурал өчигдөр боллоо. Бүтэн өдрийн турш хуралдсан орон орны төмөр замчид Монгол орны төмөр замын салбарын ирээдүй хэтийг гэгээн сайхнаар төсөөлж байлаа. Ингээд "Монгол улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн стратеги" олон улсын хурлаар хэлэлцсэн асуудлуудыг тоймлон хүргэж байна.
Төмөр зам-Зүүн хойд Азийн орнуудыг холбох гүүр Монгол Улс зүүнээс баруун хойд зүгт чиглэсэн ганцхан чиглэлийн төмөр замтай. Нийт 1815 км төмөр замаа өргөтгөх талаар өдгөө ид ярилцаж байна. Цаашид Багануураас Хэнтий, Чойбалсанг дайруулан Монголын зүүн хилээр БНХАУ-ын төмөр замын Рашаант өртөө, улмаар Зүүн хойд Ази, Түмэн бүстэй холбох судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа юм. Монголын нутгаас олборлох уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр замын асуудал сонирхол татаж буй. "Оросын төмөр зам" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин "ОХУ болон Монгол Улсын геополитекийн байршил, төмөр замуудын нэгдсэн техникийн бааз нь дэлхийн эдийн засгийн систем, нэн ялангуяа Европын холбооны улсууд, Зүүн хойд Азийн орнуудын хоорондох гүүр болоход чухал үүрэгтэй" хэмээн онцолсон. Тэрбээр "Манай хоёр улс хамтран транзит тээвэр хөгжүүлэх меморандумд гарын үсэг зурсан. Үүнийгээ ажил хэрэг болгох цаг болсон гэж бодож байна. Төмөр замын хөгжил хангалтгүй байгаагаас боомтуудад бараа бүтээгдэхүүн саатаж, тодорхой хэмжээний алдагдалд орж байгааг ч өгүүлэх нь зүйтэй юм. Тиймээс бид өнөөдрийн хуралдаанаараа зөвхөн төмөр замын асуудлыг бус усан тээвэр, далайн тээврийн асуудлыг ч цогцоор нь ярилцах ёстой. Энэхүү хуралдаан Монголын уул уурхайн салбараас олборлосон эрдэс баялаг, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход чухал алхам болно" гэсэн юм. Харин БНХАУ-ын Төмөр замын яамны сайдын тэргүүн зөвлөх Ван Линшу "Өнгөрсөн онд БНХАУ-ын Засгийн газар төмөр замын сүлжээгээ шинэчлэх үндэсний хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрт тус улс 2012 он гэхэд төмөр замын сүлжээгээ 110 мянган километрт хүргэх, хурдны галт тэрэг, хүн тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын үйлчилгээний чанарт анхаарах зорилтуудыг багтаасан" гэсэн мэдээллийг хүргэв. Түүнчлэн БНХАУ, хөрш Монгол, Орос гэсэн улсуудтай төмөр замын сүлжээг нэгтгэхийг эрхэмд үздэг гэлээ. Чилийн жишгээр төрөлжүүлэх нь чухал гэв Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай хамтран ажиллаж, зөвлөгөө өгдөг Эвалд Крейд "Нөөцөөрөө дэлхийд томд тооцогдох Тавантолгойн уурхайг Австрали, Канад, Польш зэрэг орнууд анхаарч, үнэлж байгаа. Дэлхий дахинд болон Азид тэр тусмаа БНХАУ-ын зэсийн хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа. 2015 он хүртэл Азид нүүрсний импорт нэмэгдэх хандлагатай байгаа. Монгол Улсын хувьд тээвэрлэлтийн асуудлаа шийдвэл коксжсон нүүрс, баяжуулсан зэс зэрэг ашигт малтмалаа Хятад, Япон, Солонгос, Тайвань зэрэг том зах зээлд гаргаж, орлогоо нэмэгдүүлэх боломж бий болно" гэж онцлов. Манай улсаас Япон, Өмнөд Солонгос урт хугацааны гэрээгээр коксжих нүүрс, зэс худалдан авах зорилготой байгаа юм байна. Адил хөгжилтэй орнуудыг харахад амжилттай хөгжсөн хувилбар Малайз, БНХАУ, Чили улс уул уурхайн тухайн салбараас гадна үйлдвэрлэлээ давхар хөгжүүлсэн. Иймд Эвалд Чили улсын жишгээр Монгол хөгжих боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Чили улс нөөцөд суурилсан хөгжлийг зорилго болгон Тогтвортой хөгжил, баялгийн сан байгуулж, эдийн засгийн төрөлжилтөд чиглэсэн хөрөнгө оруулалт хийсэн байна. Монгол Улс Чилээс авах өөр нэг зүйл нь олон тооны зорилгот зах зээл бий болгоход чиглэж хөгжлөө тодорхойлсон явдал. Мөн зах зээлийг төрөлжүүлж эдийн засгийн хөгжлийг дэмжсэнээр хөрөнгө оруулагчдыг татаж чаджээ. Чилийн эдийн засгийн хөгжил ашигт малтмал гэлтгүй бусад үйлдвэрлэлийн хөгжлөөс хамаардаг байна.
Posted in |
0 Comments »
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Гэвч уг төслийг ерөнхийдөө тааруу бүтэцтэй хэмээн үзэж Засгийн газарт буцаахаар болжээ. Үндсэн чиглэлийн төсөл хэр бодитой болсон, хэрэгжих боломж ямар байгаа талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Очирбат: -Манай зарим гишүүн Үндсэн чиглэлд шинэлэг, нүдэнд харагдаж, гарт баригдах бодит зүйлс орж ирэхгүй байна гэж шүүмжилж байгаа. УИХ дахь МАХН-ын бүлгээс 331 санал гаргаж нэгтгээд өгч байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр гишүүд 46 санал нэмж гаргалаа. Одоо саналуудыг Төсөв, Эдийн засгийн байнгын хороодоор нэгтгэн хэлэлцэж санал хураах ёстой. Харьяалагдах байнгын хороод дээрээ гишүүд салбар салбарынхаа асуудлыг ярьж байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр л гэхэд стратегийн ордуудаас орж ирэх мөнгөнөөс иргэдэд 1,5 сая төгрөг хүртээх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар ярьж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаас сүүлийн хэдэн сард цалин, тэтгэврийн хэмжээ нэмэгдээгүй, хэдэн сард ямар хэмжээгээр нэмж болох вэ, ямар боломж байна гэдгийг асуулаа. Үүнийг Үндсэн чиглэлд тусгаж өг гэж шахлаа.
Би бол эрүүл мэндийн салбарын хүн. Энэ чиглэлийн асуудлуудыг Үндсэн чиглэлд анхааралтай тусгаж өгөх хэрэгтэй. Манай иргэд хөдөлгөөний дутагдалд орсноос өвчлөлд маш их нэрвэгдэж байна. Төрийн албан хаагчид үүнд илүү их өртдөг.Үүнийг биеийн тамир, эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод тусгаж өгөхгүй бол болохгүй нь. Нийслэлийн зургаан дүүрэгт эрүүүл мэнд, спортын цогцолбор ордон барьж өгөх хэрэгтэй байна. Манай олон тамирчин дэлхийн хэмжээний том тэмцээнүүдээс медаль авч байна. Гэтэл дэлхийн жишигт хүрсэн спортын ордон манайд алга. Тийм ордныг Улаанбаатар хотдоо байгуулъя. Эх орондоо бэлтгэл сургуулиа хийдэг болъё. Эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай, сумогийн их аваргуудтай Монгол Улсад гаднын тамирчид ирж бэлтгэлээ хийг л дээ.
Posted in |
0 Comments »
|