| 8:51 AM |
Монголын төмөр зам геополитикийн ашигтай байршлаа “ашиглах” цаг ирлээ |
Монголын төмөр замын ирээдүй хэтийн талаар олон улсын хурал өчигдөр боллоо. Бүтэн өдрийн турш хуралдсан орон орны төмөр замчид Монгол орны төмөр замын салбарын ирээдүй хэтийг гэгээн сайхнаар төсөөлж байлаа. Ингээд "Монгол улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн стратеги" олон улсын хурлаар хэлэлцсэн асуудлуудыг тоймлон хүргэж байна.
Төмөр зам-Зүүн хойд Азийн орнуудыг холбох гүүр
Монгол Улс зүүнээс баруун хойд зүгт чиглэсэн ганцхан чиглэлийн төмөр замтай. Нийт 1815 км төмөр замаа өргөтгөх талаар өдгөө ид ярилцаж байна. Цаашид Багануураас Хэнтий, Чойбалсанг дайруулан Монголын зүүн хилээр БНХАУ-ын төмөр замын Рашаант өртөө, улмаар Зүүн хойд Ази, Түмэн бүстэй холбох судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа юм. Монголын нутгаас олборлох уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр замын асуудал сонирхол татаж буй. "Оросын төмөр зам" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин "ОХУ болон Монгол Улсын геополитекийн байршил, төмөр замуудын нэгдсэн техникийн бааз нь дэлхийн эдийн засгийн систем, нэн ялангуяа Европын холбооны улсууд, Зүүн хойд Азийн орнуудын хоорондох гүүр болоход чухал үүрэгтэй" хэмээн онцолсон. Тэрбээр "Манай хоёр улс хамтран транзит тээвэр хөгжүүлэх меморандумд гарын үсэг зурсан. Үүнийгээ ажил хэрэг болгох цаг болсон гэж бодож байна. Төмөр замын хөгжил хангалтгүй байгаагаас боомтуудад бараа бүтээгдэхүүн саатаж, тодорхой хэмжээний алдагдалд орж байгааг ч өгүүлэх нь зүйтэй юм. Тиймээс бид өнөөдрийн хуралдаанаараа зөвхөн төмөр замын асуудлыг бус усан тээвэр, далайн тээврийн асуудлыг ч цогцоор нь ярилцах ёстой. Энэхүү хуралдаан Монголын уул уурхайн салбараас олборлосон эрдэс баялаг, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход чухал алхам болно" гэсэн юм. Харин БНХАУ-ын Төмөр замын яамны сайдын тэргүүн зөвлөх Ван Линшу "Өнгөрсөн онд БНХАУ-ын Засгийн газар төмөр замын сүлжээгээ шинэчлэх үндэсний хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрт тус улс 2012 он гэхэд төмөр замын сүлжээгээ 110 мянган километрт хүргэх, хурдны галт тэрэг, хүн тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын үйлчилгээний чанарт анхаарах зорилтуудыг багтаасан" гэсэн мэдээллийг хүргэв. Түүнчлэн БНХАУ, хөрш Монгол, Орос гэсэн улсуудтай төмөр замын сүлжээг нэгтгэхийг эрхэмд үздэг гэлээ.
Чилийн жишгээр төрөлжүүлэх нь чухал гэв
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай хамтран ажиллаж, зөвлөгөө өгдөг Эвалд Крейд "Нөөцөөрөө дэлхийд томд тооцогдох Тавантолгойн уурхайг Австрали, Канад, Польш зэрэг орнууд анхаарч, үнэлж байгаа. Дэлхий дахинд болон Азид тэр тусмаа БНХАУ-ын зэсийн хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа. 2015 он хүртэл Азид нүүрсний импорт нэмэгдэх хандлагатай байгаа. Монгол Улсын хувьд тээвэрлэлтийн асуудлаа шийдвэл коксжсон нүүрс, баяжуулсан зэс зэрэг ашигт малтмалаа Хятад, Япон, Солонгос, Тайвань зэрэг том зах зээлд гаргаж, орлогоо нэмэгдүүлэх боломж бий болно" гэж онцлов. Манай улсаас Япон, Өмнөд Солонгос урт хугацааны гэрээгээр коксжих нүүрс, зэс худалдан авах зорилготой байгаа юм байна. Адил хөгжилтэй орнуудыг харахад амжилттай хөгжсөн хувилбар Малайз, БНХАУ, Чили улс уул уурхайн тухайн салбараас гадна үйлдвэрлэлээ давхар хөгжүүлсэн. Иймд Эвалд Чили улсын жишгээр Монгол хөгжих боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Чили улс нөөцөд суурилсан хөгжлийг зорилго болгон Тогтвортой хөгжил, баялгийн сан байгуулж, эдийн засгийн төрөлжилтөд чиглэсэн хөрөнгө оруулалт хийсэн байна. Монгол Улс Чилээс авах өөр нэг зүйл нь олон тооны зорилгот зах зээл бий болгоход чиглэж хөгжлөө тодорхойлсон явдал. Мөн зах зээлийг төрөлжүүлж эдийн засгийн хөгжлийг дэмжсэнээр хөрөнгө оруулагчдыг татаж чаджээ. Чилийн эдийн засгийн хөгжил ашигт малтмал гэлтгүй бусад үйлдвэрлэлийн хөгжлөөс хамаардаг байна.
0 comments:
Post a Comment