8:48 AM

Ирэх оны Үндсэн чиглэлийг Засгийн газарт буцаажээ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Гэвч уг төслийг ерөнхийдөө тааруу бүтэцтэй хэмээн үзэж Засгийн газарт буцаахаар болжээ. Үндсэн чиглэлийн төсөл хэр бодитой болсон, хэрэгжих боломж ямар байгаа талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонслоо.


 УИХ-ын гишүүн Д.Очирбат: -Манай зарим гишүүн Үндсэн чиглэлд шинэлэг, нүдэнд харагдаж, гарт баригдах бодит зүйлс орж ирэхгүй байна гэж шүүмжилж байгаа. УИХ дахь МАХН-ын бүлгээс 331 санал гаргаж нэгтгээд өгч байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр гишүүд 46 санал нэмж гаргалаа. Одоо саналуудыг Төсөв, Эдийн засгийн байнгын хороодоор нэгтгэн хэлэлцэж санал хураах ёстой. Харьяалагдах байнгын хороод дээрээ гишүүд салбар салбарынхаа асуудлыг ярьж байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр л гэхэд стратегийн ордуудаас орж ирэх мөнгөнөөс иргэдэд 1,5 сая төгрөг хүртээх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар ярьж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаас сүүлийн хэдэн сард цалин, тэтгэврийн хэмжээ нэмэгдээгүй, хэдэн сард ямар хэмжээгээр нэмж болох вэ, ямар боломж байна гэдгийг асуулаа. Үүнийг Үндсэн чиглэлд тусгаж өг гэж шахлаа.

Би бол эрүүл мэндийн салбарын хүн. Энэ чиглэлийн асуудлуудыг Үндсэн чиглэлд анхааралтай тусгаж өгөх хэрэгтэй. Манай иргэд хөдөлгөөний дутагдалд орсноос өвчлөлд маш их нэрвэгдэж байна. Төрийн албан хаагчид үүнд илүү их өртдөг.Үүнийг биеийн тамир, эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод тусгаж өгөхгүй бол болохгүй нь. Нийслэлийн зургаан дүүрэгт эрүүүл мэнд, спортын цогцолбор ордон барьж өгөх хэрэгтэй байна. Манай олон тамирчин дэлхийн хэмжээний том тэмцээнүүдээс медаль авч байна. Гэтэл дэлхийн жишигт хүрсэн спортын ордон манайд алга. Тийм ордныг Улаанбаатар хотдоо байгуулъя. Эх орондоо бэлтгэл сургуулиа хийдэг болъё. Эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай, сумогийн их аваргуудтай Монгол Улсад гаднын тамирчид ирж бэлтгэлээ хийг л дээ.

0 comments:

Post a Comment