8:53 AM

Рио Тинто, Чайнолкогийн нөхөрлөл сэргэлээ


 -Түнжин хагарсан хоёр түнш урьдын сайн харилцаагаа сэргээхээр ярилцаж эхэлжээ. Тэдний ийнхүү бие биеэ шинээр харах болсон гол шалтгаан нь Оюутолгой юм-

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вен Жибао энэ сарын эхээр Монголд айлчлах байсан ч уржигдар албан тушаалаасаа огцорсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын биеийн байдлаас шалтгаалан хойшилжээ. Гэхдээ энэ бол Гадаад харилцааны яамны албан ёсны хариулт. Үнэндээ ноён Вэн Жибао-гийн айлчлал Монголын ашигт малтмалыг сонирхсон Хятадын талын байр суурьтай холбоотой байсан аж.

Зургаан жил дуншсаны эцэст зурагдсан Оюутолгойн алт, зэсийн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ Монгол улсын нэрийг дэлхийн санхүү, бизнесийн ертөнцөд өргөөд байна. Гэрээ зурагдсан өдрөөс хойш санхүү, бизнес, ашигт малтмалаар дагнасан мэдээллийн сувгуудаар цацагдах мэдээний дунд “Монголын” гэсэн үг орсон мэдээлэл өдөр алгасахгүй харагдах болжээ.

Хамгийн сүүлийн мэдээ гэвэл Айвенхоу Майнз компанийн зохих хувийг эзэмшигч уул уурхайн магнатын нэг Рио Тинто Хятадын төрийн өмчийн Chinalco-той дахин хэлэлцээр хийж эхэлсэн аж. Рио Тинто, Chinalco нь 19.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийж байгаад цуцалсан билээ. Үүний дараахан Рио Тинто-гийн Бээжин дэх салбарын дөрвөн ажилтанг тагнуул хийсэн хэргээр баривчлан хорьсон. Энэ үйл явдал тухайн үедээ хоёр улсын харилцааны хэмжээнд хүртэл яригдсан билээ.

Харин түнжин хагарсан хоёр түнш урьдын сайн харилцаагаа сэргээхээр ярилцаж эхэлжээ. Тэдний ийнхүү бие биеэ шинээр харах болсонд гол шалтгаан нь Оюутолгой юм. Дэлхийд томд тооцогдох энэ ордод Айвенхоу Майнз дөрвөн тэрбум ам.доллар зарцуулна гэдэг тоо олон хүнийг нэгтгэх нь тодорхой. Тэр тусмаа Оюутолгой орд нь Хятадын хилээс ердөө 200 км-ийн зайтай байгаа нь”Хятадын дэд бүтэц, Хятадын зах зээлийн зохицуулалтыг зайлшгүй шаардана” хэмээн Австралийн “The Sydney Morning Herald”-д бичжээ. “Рио Хятадын хөрөнгө оруулалтаас зугтах боломжгүй. Уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авах, эрчим хүч, ус хангамжийн асуудал, төмөр зам барих гээд, ер нь бүхий л бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад Хятадын зах зээлгүйгээр боломжгүй” хэмээн Хятадын компаниудад зөвлөдөг хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгч “The Sydney Morning Herald”-д ярьсан байна.

Рио болоод Chinalco-д ойр эх сурвалжийн мэдээлснээр хоёр компани өмнө яригдаж байсан хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ Оюутолгой төсөл дээр хамтран ажиллах талаар ярилцаж байгаа аж. Гэсэн ч хятадууд Оюутолгой төсөл рүү орох нь Монголын улс төрийн хувьд ч, иргэний нийгмийн хувьд ч эмзэг байх болно гэдгийг Австралийн сонин онцолжээ. Анх Рио, Chinalco хоёрын хөрөнгө оруулалтын хэлэлцээр явагдаж байх үед Монголын хэвлэл мэдээлэлд гарч байсан зүйлийг эргэн санахад энэ нь оргүй зүйл биш. Тэр бүү хэл уг сонин Монголын өндөр албан тушаалын гэх хүний “Монголын Засгийн газар энэ сарын эхээр болох байсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэн Жибаогийн айлчлалаас татгалзсан” гэсэн үгийг ишилжээ. Харамсалтай нь сонин Монголын эх сурвалжийн нэрийг дурдсангүй. Тэр битгий хэл нэр нь дурдагдаагүй эх сурвалж маань “Монголчуудын цусанд хятадуудын талаар нэг юм байдаг. Энэ нь Chinalco Монголд орж ирэхэд ихээхэн төвөг удах болно“ хэмээсэн байх юм.

1 comments:

Аokimongol said... @ November 9, 2009 at 11:44 PM

энэ хаанахын эх сурвалж мэдээ вэ?

Post a Comment